Судалгаа хийх хэрэгтэйгээ бизнесүүд ойлгодог болсон. Гэхдээ ихэнхдээ хамгийн хурдан шийдэл нь:
“Google Form гаргаад хэрэглэгчдээсээ асууя.”
Зардал бага, хурдан, амархан. Гэхдээ энд нэг чухал эрсдэл бий. Буруу хийсэн судалгаа нь судалгаа хийгээгүйгээс ч аюултай. Учир нь буруу мэдээлэлд итгээд зөв мэт харагдах буруу шийдвэр гаргаж болно.
Судалгааны аргачлалын хувьд асуултын үг хэллэг, дараалал, түүвэрлэлт, хариу өгөөгүй хүмүүсийн бүтэц хүртэл үр дүнд нөлөөлдөг.
1. “Өөрсдөө мэдэхийг хүссэн зүйлээ” л асуух
“Манай бүтээгдэхүүн танд таалагддаг уу?”
“Манай үйлчилгээ сайн гэж бодож байна уу?”
Ийм асуулт хэрэглэгчийг тодорхой хариулт руу хөтөлж болно.
Яаж сэргийлэх вэ?
Асуултаа аль болох төвийг сахисан, тодорхой байдлаар тавь. Нэг асуултаар нэг л зүйлийг хэмж. Судалгааны асуултын жижиг өөрчлөлт хүртэл хариултад нөлөөлж болдгийг судалгааны арга зүйн байгууллагууд онцолдог.
2. “Хэн хариулсан нь” хамаагүй гэж үзэх
1000 хүнээс хариулт авсан гээд судалгаа сайн болсон гэсэн үг биш. 1000 зөв хүн үү, эсвэл 1000 дурын хүн үү?
Таны зорилтот хэрэглэгчийн нас, байршил, худалдан авах зан төлөв зэрэг бүтэц судалгаанд зөв туссан эсэх нь тооноосоо илүү чухал. Түүврийн бүтэц буруу байвал олон хариулттай байсан ч үр дүн хазайж болно.
3. Хэрэглэгчийн хариултыг “үнэн” гэж шууд хүлээж авах
“Ирээдүйд худалдаж авна.”
“Энэ үнээр авахад бэлэн.”
“Манай брэндийг байнга сонгодог.”
Хэрэглэгчийн хэлсэн зүйл болон бодит үйлдэл үргэлж адил байдаггүй. Тиймээс боломжтой бол “юу хийх вэ?” гэдгээс гадна “өмнө нь юу хийсэн бэ?” гэж асуу. Өмнөх бодит зан төлөв илүү үнэ цэнтэй дохио өгч чадна.
4. Судалгаагаа урьдчилж тестлэхгүй шууд тараах
20 асуулт зохиогоод шууд 1000 хүнд илгээчихдэг. Гэтэл нэг асуулт ойлгомжгүй, хоёр асуулт давхардсан, хариултын сонголт дутуу байж болно. Pew Research Center ч судалгааг өргөн хүрээнд явуулахаас өмнө pretest буюу туршилтын судалгаа хийхийг чухал алхам гэж үздэг. Эхлээд 10–20 хүнээр турш. Дараа нь сайжруул. Тэгээд л өргөн хүрээнд явуул.
5. Судалгааны үр дүнг “тоонуудын жагсаалт” болгох
“72% нь сэтгэл хангалуун байна.”
За тэгээд?
Яагаад 72% вэ? Үлдсэн 28% нь яагаад сэтгэл хангалуун бус байна? Энэ нь борлуулалттай хэрхэн холбоотой вэ? Дараагийн шийдвэр юу байх вэ? Судалгааны жинхэнэ үнэ цэнэ нь график, хувь хэмжээнд биш. Тэр мэдээллээс ямар шийдвэр гаргах вэ гэдэгт оршдог.
Тэгэхээр өөрсдөө судалгаа хийж болохгүй гэсэн үг үү?
Мэдээ болно. Харин судалгааны зорилго, түүвэр, асуулгын дизайн, өгөгдөл цуглуулалт, шинжилгээний арга нь тодорхой байх ёстой. Ялангуяа бизнесийн томоохон шийдвэр, шинэ бүтээгдэхүүн, үнэ, брэндийн байршуулалт, зах зээлд нэвтрэх, хэрэглэгчийн зан төлөв дээр “асуугаад үзье” гэдэг түвшнээс илүү мэргэжлийн аргачлал шаардлагатай.
Зөв судалгаа авахын эхлэл нь зөв асуултыг тавих тухай юм.
Тиймээс та одооноос судалгаа эхлүүлэхээсээ өмнө нэг зүйлийг өөрөөсөө асуугаарай:
“Бид зүгээр л хүмүүсээс асуух гэж байна уу, эсвэл зөв шийдвэр гаргахын тулд судалж байна уу?”

Үзэл бодлоо хуваалцсан



